“Дэрэн” багийн Дээд лигийн 3 дахь медаль…

2nd July 2024

club logo

Deren FC

image

Монголын хөлбөмбөгийн холбооны 2023/24 оны улирал өнгөрсөн оны 8-р сарын 05-ны өдөр хөшгөө нээж нийт 135 тоглолтын дараа энэ оны 6-р сарын 30-ны өдөр өндөрлөлөө. Г.Мөнхчулуун эзэнтэй “Дэрэн” клубийн баг Португал дасгалжуулагч Педро Мирандагийн удирдлагад лигийн тэмцээний хүрэл медалийн эзэд боллоо. Энэ нь “Дэрэнчүүд”-ийн лигийн тэмцээн дэх 3 дах медаль, анхны хүрэл медаль болж байна. 

2015 оноос хойш 10 дахь жилээ дараалан Дээд лигийн тэмцээнд оролцож буй манай багийн хувьд өнгөрсөн улирлын мөнгөн медалийн амжилтаа үргэлжлүүлж, дахин шагналын тавцанд зогсож чадсанаар анх удаа хоёр жил дараалан лигээс медаль хүртлээ. Мөн лигийн тэмцээн 3 тойргийн системээр зохиогдож эхэлснээс хойш дараалан медальт байрт шалгарлаа. 

“Гараа сайн бол бариа сайн” гэдгийн адилаар залуус маань тэмцээнээ амжилттай эхлүүлж, улирлын эхний тойргийн 9 тоглолтод 6 хожиж, 3 тэнцэн хүснэгтийн 2-р байрт жагссан. Улмаар өвлийн завсарлагын дараа 2-р тойрогт 3 хожиж, 2 тэнцэн, 4 хожигдсоноор байр ухарсан юм. Тухайн үед лигийн өрсөлдөөн тун тэнцүүхэн бөгөөд 2-р байрын баг 32 оноотой байхад 7-р байрын баг 28 оноотой байв. Өөрөөр хэлбэл 6 баг хоорондоо ердөө 1-4 онооны зөрүүтэй эрэмбэлэгдэж байв. 

Тухайн тойргийн өмнө манай клуб шинэ легионер тоглогчдоо нэгтгэсэн. Тодруулбал Марокко улсаас Салим Акаба, БНСУ-аас довтлогчийн байрлалд 22 настай Lee Si-yoon, хамгаалагчийн байрлалд Kim Hwihan нарыг авсан юм. Харин өөр нэгэн онцлох өөрчлөлт байсан нь клубийн гол тоглогчдын нэг байсан А.Дөлгөөн 2-р тойргийн өмнө “Улаанбаатар” багт тоглохоор шилжсэн. Тэрээр "Дэрэн" багт эхний тойргийн 9 тоглолтод 6 гоол оруулж, улирлыг тун гайхалтай эхлүүлээд байсан билээ. 

Гэхдээ түүний орон зайг 23 настай довтлох чиглэлийн хагас хамгаалагч Салим Акаба довтолгооны шугамд  сайн нөхөж чадсан юм. Монгол тоглосон анхны улиралдаа тэрээр 17 тоглолтод 14 гоол оруулсан үзүүлэлтээр мэргэн буучдын жагсаалтын 9-р байрт шалгарлаа. Мөн 9 удаа гоолын дамжуулалт өгсөн нь багаа тэргүүлэх үзүүлэлт болов.

Манай багаас мөн Э.Өсөх-Ирээдүй 10 гоол оруулсан сайн үзүүлэлттэй тэмцээнийг дуусгалаа. Тэрээр улирлын эхний тойрогт л гэхэд 5 гоолыг бүртгүүлж байсан юм. 

“Дэрэн” багийн шинэ легионеруудаас гадна олон шинэ залуу тоглогчид баг бүрэлдэхүүний шинэчлэлийн дагуу өөрт олдсон боломжуудаа ашиглаж, багийнхаа амжилтад хувь нэмрээ оруулж чадсан. Тухайлбал багийнхаа бүрэлдэхүүнд амжилттай тоглож буй Э.Ган-Эрдэнэ, Н.Хашчулуун нар шигшээ багт тогтмол дуудагдах болж, гарааны бүрэлдэхүүнд ч багтаж байна. Залуу довтлогч Б.Бат-Од маань ч өөрийн нөөц боломжийг харуулж цөөнгүй гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлээд амжсан. Түүнчлэн 17 настай Ө.Содбилэг 2-р тойргийн эхэнд тухайн үед 16 настай Дээд лигийн тоглолтуудад гараанаас оролцож, авьяас ур чадвараа харуулж чадсан нь сайшаалтай.  

Хаврын тойргийн тоглолтууд эхлээд 2-р тойрогт 11 оноо авсан нь хангалтгүй үзүүлэлт гэдгийг бүгд мэдэж байлаа. Мөн тухайн үед тун сайн тоглолтыг үзүүлж байсан Lee Si-yoon гэмтэж улирал дуустал тоглох боломжгүй  болсон. Энэ нь багийн тоглолт, төлөвлөсөн бүгдэд сөргөөр нөлөөлөв.  Гэхдээ залууст маань хугацаа хэрэгтэй байсан нь харагдлаа. Тоглолтоос тоглолтод алдаанаасаа суралцаж, талбай дээрх тоглолт, үзүүлэлт оноо гээд бүх талаараа ахиц дэвшлүүд гарч байв. 

Улмаар 2-р тойргийн сүүл 3-р тойргийн эхнээс илүү нягт нямбай тоглолтуудыг үзүүлж 3-р тойрогт 6 хожил авсан юм. Үүний дотор лигийн аварга болсон “СП Фалконс” баг ч багтана. Мөн “Хоромхон”, “Эрчим” гээд чанга өрсөлдөгчдөөсөө бүтэн 3 оноогоо авч, хүрэл медалийн төлөө өрсөлдөж байсан “Улаанбаатар” багтай тэнцсэн гээд залуус маань хөлс хүч, ур чадвар, сэтгэл зүрхээ дайчлан тоглож авсан эдгээр чухал оноонууд багаа медальт байрт хүргэж чадлаа. 

Ийнхүү улирлын 3-р тойрогт 6 хожиж,  1 тэнцсэн  нь медальт байрт шалгарахад том түлхэц болж, энэ тойргоос 19 оноо авснаар нийт 15 хожиж, 6 тэнцэж, 6 хожигдсон үзүүлэлттэй 51 оноотой хүрэл медалийн болзол хангав. Мөн 80 гоол оруулсан нь 2-р байрт буюу аваргуудын дараа орох үзүүлэлт болж, 32 гоол алдсан нь мөн “Фалконс”-ын дараагаар 2-р байрт орох цөөн гоол алдсан үзүүлэлт болж байна. 

2-р тойргийн дараагаар 4-р байрт жагсаж байсан “Хангарьд” баг сүүлийн тойрогт 9 дараалан хожиж 100% амжилттай тоглосноор мөнгөн медаль хүртлээ. Харин “СП Фалконс” баг 65 оноотойгоор лигийн аваргын цомын эзэд болж, Монголын Дээд лигт шинэ аварга баг төрлөө. Энэ улирал бид “Фалконс”-той 3 тоглохдоо 1 хожиж, 1 тэнцэж, 1 хожигдсон. Мөн Холбооны цомын тэмцээний хагас шигшээ шатанд торгуулийн цохилтоос ялагдсан юм. Харин “Хангарьд” багтай 2 тэнцээд байсан ч 3-р тойргийн тоглолтод хожигдсоноор тэд 2-р байраа бататгасан билээ. 

Өнөөдөр Монгол улсын нас насны шигшээ баг болон Дээд лигийн том багуудад “Дэрэн” клубийн тамирчид болон “Дэрэн” клубээс төрөн гарсан,“Дэрэн” клубт тоглож байсан олон тамирчид тоглож байгаа. Зөвхөн ойрын хэдэн жилд л гэхэд Г.Бат-Оргил, Э.Өнөр-Эрдэнэ, М.Жансерик нарын тэргүүтэй хэд хэдэн шигшээ багт дуудагддаг тоглогчид маань өөр багуудад очсон. Өдгөө тэд “Улаанбаатар” болон “СП Фалконс” багуудын хамт лигийн аварга болж, Г.Бат-Оргил 2023 оны Монголын шилдэг хөлбөмбөгчин болсон гээд амжилт ялалтаар дүүрэн байгаад “Дэрэнчүүд” баяртай байгаа нь гарцаагүй. Мөн багийн ахлагчаар тоглож байсан Ц.Төмөр-Очир болон клубийн ирээдүй болсон залуучуудын маань төлөөлөл Д.Шийравжамц, М.Маргад нар хилийн чанадад суралцахаар болж, лигт тоглох боломжгүй болсон юм. 

Гэсэн хэдий ч клубийн залгамж тасралгүй улам үргэлжилж, амжилтын цуурай ч улам үргэлжилсэн хэвээр байгаад нийт тамирчид, дасгалжуулагчид, албаны хамт олондоо үзэгч дэмжигчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Ирэх улирлын тоглолтууд тун удахгүй эхэлнэ. “Дэрэнчүүд” цуцашгүй улам урагшаа…