Европ тивд 6 тэмцээнд 18 хожил авлаа

3rd August 2024

club logo

Deren FC

image

"Дэрэн" клубийн энэ жилийн Европ тив дэх аялал амжилттай өндөрлөлөө. Бид өнгөрсөн зургаадугаар сарын сүүлээр 4 насны ангиллын нийт 5 багтайгаар тэмцээн уралдаанууддаа оролцож эхэлсэн юм.

Энэ удаагийн аяллын хамгийн ахлах насны ангиллын баг болох U14 багийн тамирчид маань хамгийн урт аяллыг хийж, нийт 6 тэмцээнд оролцлоо. Тодруулбал "Pitea Summer Games", "Storsjöcupen", Helsinki Cup", "Gothia Cup", "Norway Cup", "Dana Cup" гэсэн тэмцээнүүдэд ур чадвараа сорьсон юм.

Швед, Финланд, Норвеги, Дани улсуудад болсон эдгээр тэмцээнүүдэд манай U14 баг нийт 35 өдрийн дотор 31 тоглолт хийлээ. Ингэхдээ хөвгүүд маань 18 хожиж, 2 тэнцэж, 11 хожигджээ. Мөн оролцсон бүх тэмцээндээ хэсгийн шатыг давж, хасагдах шатанд шалгаран өрсөлдөж чадсан юм.

Түүнчлэн зөвхөн Европ тивээр тогтохгүй Хойд Америк, Өмнөд Америк, Ази, Африк гээд дэлхийн таван тивийн орон орны багуудтай тоглож арвин их туршлага хуримтлууллаа. Энэ дунд Бразил, АНУ гээд хөлбөмбөг төдийгүй олон төрлийн спортыг бага насны хүүхдээс эхэлсэн суурь системтэйгээр өндөр хөгжүүлсэн орны багууд багтаж байв. 

Олон орны баг тамирчдаас талбай дээр техник тактик, ур чадварын хувьд туршлага солилцож ихийг үзэж суралцсан хөвгүүд маань талбайн гадна ч ихийг суралцлаа. Удаан хугацаанд өндөр зохион байгуулалтад, нарийн цагийн хуваарийн дагуу бэлтгэл сургуулилт, тоглолт, амралт гээд бүхнийг зохицуулж, мэргэжлийн стандарт түвшний дагуу байж, үүрэг хариуцлагаа сайн биелүүллээ.

Мөн хөлбөмбөгийн спортын амжилт хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Европ тивд очихдоо манай клубийн хөвгүүд багийн спортын бүтэц систем, багийн болон хувийн зохион байгуулалт гээд жил бүр маш их зүйлийг сурж авдаг билээ. 

"Дэрэн" клубийн 14 хүртэлх насны баг энэ жил Европ дахь эхний тоглолтоо Швед улсад болсон "Pitea Summer Games" тэмцээний хүрээнд 6-р сарын 28-ны өдөр хийж байсан бол энэ удаагийн аяллын сүүлийн тоглолтоо Норвеги улсад болсон "Norway Cup" тэмцээний хүрээнд 8-р сарын 02-ны өдөр хийсэн юм. 

В.Мөнхжаргал дасгалжуулагчтай, М.Гүюг ахлагчтай 14 хүртэлх насны багийн тамирчдадаа тэмцээнүүдээ амжилттай дуусгаж, эх орныхоо болон "Дэрэн" клубийн нэрээ гаргаж чадсанд баяр хүргэе.

Манай баг эх орондоо ирээд 14 хүртэлх насны лигийн тэмцээндээ үргэжлүүлэн тоглох болно.