U19 баг Залуучуудын Улсын аваргууд боллоо
12th August 2024
Deren FC
Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан 19 хүртэлх насны Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн 8-р сарын 05-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус насны ангилалд 9 багийн хөвгүүд ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Б.Орхон дасгалжуулагчтай, Э.Ган-Эрдэнэ ахлагчтай “Дэрэн” баг аваргын цом, алтан медалийн эзэд боллоо.
Манай баг тэмцээний “А” хэсэг буюу 5 багтай хэсэгт багтаж, нийт 4 тоглолт хийн 4 хожсон юм. Хэсгийн шатны тоглолтуудын дүнг танилцуулахад:
1. Дэрэн 4:0 Улаангом Сити
2. Дэрэн 4:3 Дархан Сити
3. Дэрэн 2:1 Ховд Вестерн
4. Дэрэн 21:0 Ховд
Улмаар хэсгийнхээ 1-р байраар хагас шигшээд шалгарч “В” хэсгийн 2-р гарсан “Эрчим” багтай таарсан. Энэ удаад тоглолтын турш 0:1 харьцаатай хожигдож яваад эцсийн мөчид буюу 90+5 дахь минутад гоол оруулж тэнцүүлсэн юм. Багаа хожигдлоос аварсан энэ гоолыг Энхбаяр орууллаа. Улмаар 11 метрийн цохилтоор ялагчийг тодруулахад “Дэрэнчүүд” 5:4 харьцаатай хожсон юм.
Харин аваргын төлөөр тоглолт харьцангуй нээлттэй олон гоол орсон тоглолт боллоо. Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ тоглолтод “Дэрэн” 5:3 харьцаатай “BCH Lions” багийг үндсэн цагт хожиж, тэмцээний аварга боллоо. Энэ тоглолтод С.Одхүү, Н.Ананд, Тэмүүлэн, Э.Молор нар нэг нэг гоол оруулж, нэг авто гоол бүртгэгдсэн юм.
Энэ жилийн Залуучуудын УАШТ-д ийнхүү “Дэрэн” клубийн баг 6 тоглож, 6 хожин түрүүллээ. Мөн 35 гоол оруулж, 7 гоол алдсан үзүүлэлттэй тэмцээнээ амжилттай дуусгалаа. Эдгээр тоглолтуудад манай багийн тоглогчдоос Балжинням 5 гоол оруулсан нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Түүнчлэн багийн ахлагч, үндэсний шигшээ багийн тоглогч Э.Ган-Эрдэнэ тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан бол манай багийн хаалгач Б.Хүслэн шилдэг хаалгачийн шагналыг тус тус хүртлээ.