“Эрчим” багийн эсрэг сүүлийн 4 тоглолтод гоол алдаагүй…

15th May 2024

club logo

Deren FC

image

Монголын хөлбөмбөгийн Дээд лигийн тэмцээний 2023/24 оны улирлын тоглолтууд үргэлжилсээр байна. Тэмцээний сүүлийн тойрог буюу 3-р тойргийн 3 дахь тоглолтууд энэ долоо хоногийн ажлын өдрүүдэд болж байгаа юм. “Дэрэн” клубийн баг тус тойрогт “Хаан Хүнс Эрчим” багтай тоглох болно. 

Эхний 20 тоглолтын дараах байдлаар “Дэрэн” 10 хожил, 5 тэнцээ, 5 хожигдолтой 35 оноотой хүснэгтийн 3-р байрт бичигдэж байгаа бол “Эрчим” 9 хожиж, 6 тэнцэж, 5 хожигдсон амжилттай 33 оноотой 7-р байрт жагсаж байна. Байрлалын хувьд хэдийгээр 4 байрын зөрүү байгаа ч багуудыг ердөө 2 оноо л зааглаж байгаа юм. Тиймээс энэ тоглолтод “Эрчим” багийн хувьд хожил авч чадвал хүснэгтийн байр 3-р байр луу ч дэвших боломжтой. Харин “Дэрэн” зайлшгүй ялж байж байрлалаа хадгалж, цаашлаад ахиулах боломжоо хадгалан үлдэх юм.

Энэ улиралд “Эрчим” багтай хийсэн тоглолтуудад эхний тойрогт 0:0 харьцаатай тэнцэж, 2-р тойрогт 7:0 харьцаатай хожсон. 

Багуудын сүүлийн 5 тоглолтын дүн:

1. Дэрэн 3:2 Эрчим
2. Дэрэн 5:0 Эрчим
3. Дэрэн 5:0 Эрчим
4. Дэрэн 0:0 Эрчим
5. Дэрэн 7:0 Эрчим


Энд нэгэн онцлох үзүүлэлт байгаа нь хэзээд лигийн хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн “Эрчим”-ийн эсрэг сүүлийн 4 тоглолтод хаалгандаа гоол алдаагүй. Энэ нь манай багийн бөмбөг эзэмшилт болон тоглолтын хэмнэл, удирдлага, санаачилгыг гартаа авч буй байдал, хамгаалалтын нягт байдал гээд олон зүйл сайн хэрэгжиж байсныг илтгэж байна. 

“Эрчим”-ийн эсрэг сүүлийн 4 тоглолтод Б.Өсөх-Ирээдүй 4 гоол оруулсан нь онцлох үзүүлэлт болж байна. Мөн М.Мөнххүслэн тэдний эсрэг сүүлийн 4 тоглолтод нийт 3 удаа хаалганых нь торыг мялаажээ. 

“Дэрэн”, “Эрчим” багуудын хоорондын тоглолт хэзээд сонирхолтой болдгийг үзэгч, хөгжөөн дэмжигчид андахгүй. Тиймээс Монголын хөлбөмбөг сонирхогчдын хувьд хүлээж байдаг тоглолтуудын нэг бол яах аргагүй “Дэрэн”, “Эрчим” юм. Тус тоглолт тавдугаар сарын 16-ны өдөр 19:15 цагаас Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.

image